Цар тахлын дараах аялал жуулчлалын чиг хандлага

Нийтэлсэн огноо: 2022/01/13

Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд хамгийн хохирч үлдсэн салбаруудын нэг бол Аялал жуулчлалын салбар билээ. Ялангуяа аялал жуулчлалын салбарт ажилладаг хүмүүс, аялал жуулчлалаар дамжуулан орлогоо олдог өрх айл, тосгод гээд дурдаад байвал дуусахгүй. 2020 оны судалгаагаар дэлхий даяарх аялал жуулчлалаас олдог ДНБ 4.5 их наяд ам.доллараар буурч 62 сая ажлын байр алдагдсан гэсэн судалгаа гарчээ. Гэсэн хэдий ч улс орон бүрийн засгийн газрууд, бизнес эрхлэгчид идэвхтэй шийдвэр гаргаж бага багаар нийгмийг ахин сэргээж байна. Аялал жуулчлалын салбарын хувьд эрэлт хэрэгцээ өндөр байгаа тул ахин богино хугацаанд сэргэх магадлал өндөр байна. Цар тахлын дараах аялал жуулчлалын эрэлт хэрэгцээ, хүмүүсийн чиг хандлага, нөхцөл байдалд зарим нэгэн өөрчлөлт мөн гарсан бөгөөд энэ долоо хоногийн мэдээгээр та бүхэндээ цар тахлын дараах аялал жуулчлалын чиг хандлага хааш чиглэж буйг 2021 оны судалгаанаас үндэслэн хүргэе.

 

 

1. Дотоодын аялал жуулчлал ба Гадаадын аялал жуулчлал

 

WTTC-ийн 2021 оны 10-р сарын хамгийн сүүлийн тооцооллоор зөвхөн дотоодын аялал жуулчлалын хөгжлөөс гадна 2022 онд олон улсын аялал жуулчлалын өсөлт улам бүр нэмэгдэнэ гэж үзжээ. 2020 онд 49.1%-иар буурч бараг 4.5 их наяд ам.долларын алдагдал хүлээсэн аялал жуулчлалын ДНБ 2021 онд 30.7%-иар, 2022 онд 31.7%-иар өсөх төлөвтэй байна.

 

Дотоодын аялал жуулчлал Аялал жуулчлалын ДНБ-д өсөх тооцооллоор Америк тив 36,8%, Ази-номхон далай 36,3%, Африк 27,7%, Дундад Ази 27,1%, Европ 23,9% тус тус өсөлт үзүүлнэ хэмээн тооцоолж байгаа нь нийт аялал жуулчлалын өсөлт дотоодын аялал жуулчлалаас бүрдэнэ хэмээн үзэж байна. Нөгөө талаас Ази-номхон далайн орнууд өөрсдийн аялал жуулчлалын томоохон газруудын үйл ажиллагааг эргэн нээснээр олон улсын аялал жуулчлалын урсгал 2022 онд 148,3%-иар өснө гэж тооцоолж байна. Европ харин өөрсдийн дотоодын аялал жуулчлалаа 30,2%, олон улсын аялал жуулчлалаа 19,3%-иар өснө хэмээн үзжээ.

 

Хорио цээрийн дэглэмээс болж олон улсын аялал жуулчлал зогсонги байдалд орж дотоодын аялал жуулчлал эдийн засгийн тэнцвэрт байдлыг хадгалж байгаа ч гэсэн дэлхий даяарх эдийн засаг сэргэхийн тулд олон улсын аялал жуулчлалыг ахин сэргээх нь зайлшгүй хэрэгцээтэй юм.

 

2. Дотоодын аялал жуулчлалын хөгжил

 

Өмнөх мэдээгээрээ бид та бүхэнд Дэлхий даяар дотооддоо аялах, очиж үзээгүй газраараа очиж үзэх, хажуу хөрш хот, суурингуудад очиж амрах, дотоодын платформоор дамжуулж нэг нэгнийдээ буудаллах, өөрсдийн орон байраа солилцох гэх мэт олон төрлийн аргуудаар улс орон, бүс нутгийн дотоодын аялал хөгжиж байгааг STAYCATION гэж нэрлэх болсныг мэдээлсэн билээ. 2022 онд энэ чиг хандлага улам нэмэгдэх бөгөөд ирээдүйд хэдийгээр олон улсын аялал жуулчлал ахин сэргэсэн ч гэсэн дотоодын аялал жуулчлалын хөгжил байр сууриа хадгалсаар байх тооцоолол гарчээ. Жишээ нь 2022 онд Англи улсын иргэдийн 62% нь зуны амралтаа улс орондоо өнгөрүүлнэ гэж хариулсан нь өмнөх жилийхээс 12%-иар нэмэгджээ. 2021 оны Хятад улсын үндэсний баяр наадмын өдрийн судалгаагаар иргэдийн 49,1% нь муж дотроо л аялал төлөвлөсөн байдал нь өмнөх оныхоос буюу 2020 оныхоос 4,1%-иар илүү байна. Үүнээс үзэхэд Хятад жуулчдын 88,3% нь өөрсдийн амьдардаг газраас дунджаар 300 км-ийн радиусын зайд л аялах сонирхолтой байгаа юм.

 

TRIP.COM сайтны дата анализаас үзвэл Хонг Конг, Сингапур, Хойд Солонгос, Япон зэрэг улсуудад STAYCATION хандлага улам нэмэгдэж байгаа бөгөөд 2019 оныхтой харьцуулбал 2021 онд 200%иар дотоодын аялал жуулчлал нь нэмэгджээ. Энэ өсөлт нь тухайн улсын бодлогод нөлөөлөх хэмжээнд хүрсэн бөгөөд жишээлбэл Японы засгийн газар 2020 онд GO TO TRAVEL компанит аян эхлүүлж дотоодын аялагчдын аяллын захиалга эрт байх тусам хөнгөлөлт эдлэх боломжийг олгосон байна.

 

3. Аяллын хугацаа улам уртсаж байна.

 

2019 онд дотоодын аялагч дунджаар 4,45 өдөр, олон улсын аялал 9,22 өдөр байсан бол 2021 онд дэлхий даяарх аялагчдийн 52% нь 10-с дээш хоног аялж илүү олон зүйлсийг үзэж, ажиллангаа аялах хэв маягийг сонирхох болжээ.

 

Энэтхэгт судалгаанд оролцогчдын 87%, Мексикт судалгаанд оролцогчдын 73%, Австралид судалгаанд оролцогчдын 68% нь аялал нь уртсах боломжтой аяллуудыг сонирхож байгаа бөгөөд Канад, АНУ болон бусад улсуудад судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь шинэ газруудаар аялах гэж аялах хугацаагаа уртасгасан байна . Үүнээс гадна American Express -ийн судалгаагаар аялагчдын талаас илүү хувь нь (54%) эрх чөлөөтэй, аялж байхдаа ажиллаж амьдрах боломжтой уян хатан байдлыг улам бүр эрэлхийлдэг болохыг тогтоожээ.

Ажил, сургуулиа амралт зугаалгын аялалтай хослуулах аялагчдын дур сонирхол нэмэгдэхийн хэрээр Bleisure аялал гэж нэрлэгддэг

"ажиллангаа аялах" эсвэл "flexcation"  зэрэг хандлагууд улам нэмэгдэж байна. Энэ хандлага нь нь илүү олон аялагчдад шинэ газартай танилцах боломжийг олгож байгаа юм. Түүнчлэн аялагчдын 40% нь амралтаа эхлэхээс өмнө хөл хорионд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ нь аялагчид алсын зайнаас ажлаа хийнгээ амрах боломжийг олгож давхар аялангаа ажлаа зайнаас хийх шинэ чиг хандлагыг бий болгож байна.

Зочлох үйлчилгээний салбар ч мөн энэ чиг хандлагад өөрсдийн үйлчилгээг улам уян хатан болгож байгаа бөгөөд Marriott, Hilton, Hyatt зэрэг газрууд олон хоногоор байх зочиддоо хөнгөлөлт үзүүлэх, ачаа баглааг нь хадгалж өгөх, өөрсдийн өрөөг ажлын өрөө болгож засах гэх мэт аргуудыг аль эрт аваад эхэлжээ.

4. Аялагчдын урьдчилан захиалга богиносож байна.

 

Ковидоос өмнө аялагчид аяллын захиалгаа аль эрт хэдэн сарын өмнөөс магад бүр жилийн өмнө өгчихдөг байсан бол цар тахлын тодорхойгүй нөхцөл байдлаас үүдэн илүү чамбай ханддаг болжээ. Мөн үүнээс хамааран аялагчид захиалгаа цуцалбал ямар нэгэн хохирол хүлээхгүй байх, уян хатан нөхцөлтэй газруудыг их сонгох болсон байна. Судалгаагаар жуулчдын 55% нь аяллын газраа сонгоход хамгийн их нөлөөлдөг зүйл нь аяллаа цуцалбал ямар нэгэн шимтгэл төлөхгүй байх гэж хариулжээ.

Нислэгийн захиалгын судалгаанаас үзвэл 2019 онд дунджаар 53 өдрийн өмнө нислэгээ захиалдаг байсан бол 2021 онд 23 болж буурчээ. Мөн зочид буудлын урьдчилсан захиалга 32 өдрийн өмнө байсан бол 10 өдөр болж цөөрсөн байна. Үйлчлүүлэгчдийн тав тух, итгэлийг хадгалахын тулд зарим газрууд урьдчилсан захиалгынхаа хоногийг багасгах, цуцалсан тохиолдолд ямар нэгэн шимтгэл төлөхөөргүй болгож үйлчилгээгээ өөрчилсөн байна.

Цар тахлын нөхцөл байдлаас үүссэн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авсан өөр нэг жишээг дурдвал Эмират компани Ковид-19-ийн бодлогодоо захиалсан нислэгийн тасалбараа цуцалбал шимтгэл авахгүй болгох, тасалбарын хүчинтэй хугацааг 36 сараар сунгах, өөр чиглэлрүү солих бол мөн шимтгэлгүй болгох байдлаар тусгаж үйлчлүүлэгчиддээ уян хатан нөхцөл байдлыг бий болгожээ.

Хэрэв хорио цээрийн дэглэм арилж, аяллууд төлөвлөгөөнийхөө дагуу явдаг болвол энэ нөхцөл байдал аажмаар эргэн хивэндээ орно хэмээн тооцоолж байгаа ажээ.

 

5. Илүү байгальд татагдах болсон.

 

Ковид-19-ийн эхэн үед л аялагчид илүү байгальд ойр, олон хүнээс зайдуу, онгон лагшнаараа байгаа газар юм уу байгалийн сайхан цогцолбортой аяллуудыг сонирхох болсон.

 

Орчин үеийн аялагчдийн 40% нь очиж үзээгүй газраараа аялж адал явдал эрэлхийлэх болжээ. Американ Экспрэсс сонины судалгаагаар аялагчдийн 69% нь хүн нэг их очиж байгаагүй, мэдэхгүй газруудаар аялах сонирхолтой байгаа бол 72% нь аяллаараа дамжуулж орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэхийг хүсдэг бөгөөд 59% нь “philantourism” буюу аялал жуулчлалаар дамжуулж тухайн газрын хөгжил цэцэглэлт, иргэдийн амьжиргааг дэмжих аяллуудыг тусгайлан сонгодог гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн 47% нь дараагийн аяллаа илүү байгальтай ойрхон аяллуудыг сонгосон байна. 2021 оны 9 сарын судалгаагаар Европын Аялал жуулчлалын комиссын гаргасан судалгаагаар европчууд богино хугацааны аяллын дийлэнх хувийг нь Испани, Итали, Франц, Грек, Хорватын улсуудын өндөрлөг уулс, далайн эргийн зорин очих газруудыг сонгожээ.

Ази-номхон далайн орнуудын хувьд CTRIP-ээс гаргасан судалгаанаас үзвэл илүү байгальд ойрхон аяллуудын захиалга 2021 онд 2019 оныхоос 66,7%-иар өссөн байна. Энэ нь цаагуураа Байгалийн цогцолборт газруудын тасалбар олон зарагдах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд БЦГ-уудын захиалгаас үзвэл 2021 онд 2020 оны захиалгаас 233,5%-иар өссөн байна.

Цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран өргөжиж буй энэ хандлага нь ирэх жилүүдэд улам бүр өсөх төлөвтэй байгаа бөгөөд дэлхий даяарх аялагчдийн 51% нь хүн их очиж байгаагүй, алс зэлүүд тосгон, онгон лагшин газруудыг сонгож байгаа нь очин үед аялагчид илүү тогтвортой, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд ээлтэй аяллуудыг сонгох болсныг харуулж байна. Хэдийгээр энэ эрэлт нь өндөр байгаа хэдий ч аялагчдийн сонгож байгаа эдгээр газруудад төр, хувийн хэвшил, баг нөхөрлөлүүдийн хамтын ажиллагаа, тогтвортой аялал жуулчлалын хөгжил, төлөвлөлт маш хэрэгтэй болоод байгаа юм.

Буцах